2. ХӨГЖЛИЙН ШИНЭ ЭДИЙН ЗАСАГ

2.1.1 Улсын нэгдсэн төсвийг алдагдалгүй, үр ашигтай, хяналттай байх тогтолцоог бэхжүүлнэ. Төрийн менежментийг сайжруулах замаар нэгдсэн төсвийн урсгал зардлыг бууруулна.

2.1.2 Төсвийн сахилга бат, санхүү, мөнгө, зээлийн бодлого зохицуулалтыг сайжруулж, татварын бодлогыг оновчтой болгож, төсвийн орлогын бааз суурийг бэхжүүлнэ.

2.1.3 Дахин санхүүжилтэд урт хугацаанд жигд төлөгдөх эх үүсвэр ашиглаж, өрийн багц дахь хувьсах хүүтэй гадаад зээлийг ашигтай нөхцөлд тогтмол хүүтэй зээлд шилжүүлж Монгол улсын зээлжих зэрэглэлийг сайжруулна.

2.1.4 Банк болон бусад санхүүгийн салбарын чөлөөт өрсөлдөөнийг сайжруулж, хэрэглэгчдэд сонгох боломжийг нэмэгдүүлснээр зээлийн хүүг бууруулах бодлого баримтална.

2.1.5 Тэтгэврийн сан, тэтгэврийн даатгалын сангийн хуримтлалыг өсгөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

2.1.6 Даатгалын салбарын тогтвортой байдлыг хангах чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлж, салбарын хамрах хүрээг нэмэгдүүлнэ.

2.1.7 Стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийх, урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох бодлогыг дэмжинэ.

2.1.8 Эдийн засгийн тулгуур үзүүлэлтүүдийг сайжруулснаар инфляцийн түвшинтэй уялдуулж, бодлогын хүүг зохих түвшинд хүргэж, валютын нөөцийг тасралтгүй нэмэгдүүлнэ.

2.1.9 Банкны тогтолцоон дахь өмчлөлийн болон удирдлагын төвлөрлийг задлан нээлттэй болгох замаар олон нийтийн хяналтыг бэхжүүлэх эрх зүйн орчныг сайжруулна.