1. НИЙГМИЙН ШИНЭ БОДЛОГО

1.1.1 Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, чадавхийг сайжруулах замаар иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх  боломжийг нэмэгдүүлнэ.

1.1.2 Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын хөтөлбөрт эрүүл аж төрөх, амьдралын зөв дадал эзэмшүүлэх агуулгыг тусгаж, эрүүл амьдралын зан үйлийг төлөвшүүлнэ.

1.1.3 Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламжийн ачааллыг тэнцүүлж, хүн амд чанартай, аюулгүй, тэгш хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхи бүхий эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг дэмжинэ.

1.1.4 Эрүүл мэндийн салбарын цахим үйлчилгээ, техник технологийг сайжруулснаар эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж, хяналтыг дээшлүүлж, иргэн бүрийн эрүүл мэндийн мэдээллийн санг бий болгох, иргэд эрүүл мэндийн үйлчилгээгээ өөрөө хянах боломжийг бүрдүүлэхэд чиглэж ажиллана.

1.1.5 Оношлогоо, эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологи бүхий олон улсын жишигт нийцсэн тусламж үйлчилгээг иргэд бүс нутагтаа авах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

1.1.6 Бүх нийтийн биеийн тамирыг амьдралын нэг хэсэг болгосноор халдварт бус өвчин, түүнээс шалтгаалсан нас баралтыг бууруулж, эрүүл идэвхитэй амьдралын зөв хэв маягтай Монгол хүнийг төлөвшүүлнэ.

1.1.7 Халдварт өвчний дэгдэлт, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшиг, онцгой байдлын үед эрүүл мэндийн байгууллагын нөөцийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлнэ.

1.1.8 Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлж, Монгол анагаах ухааныг олон улсад бренд болгон хөгжүүлнэ.

1.1.9 Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг гүйцэтгэлээр санхүүжүүлэх тогтолцоог сайжруулж, эрүүл мэндийн байгууллагын хараат бус, бие даасан удирдлагыг дэмжиж, хувийн болон улсын даатгалын хосолсон тогтолцоог хөгжүүлэх замаар эрүүл мэндийн даатгалын санг нэмэгдүүлж, даатгалаа төлсөн иргэн үр шимээ хүртэх боломжийг нэмэгдүүлнэ.