ШИНЭ намын дарга, доктор Цэндсүрэнгийн Гантулга 

Монголчууд бид байгалийн давагдашгүй хүчин зүйлээс гадна улс төр, нийгмийн амаргүй сорилтыг давж, урин цагтай золгож байгаа ч ирээдүйн гэрэл гэгээн дор хаврын адаг сарын билигт сайн өдрийн мэндийг хүргэе.

Нийгэм, эдийн засгийн таагүй байдал, иргэдийн амьдрал ахуйд тулгарсан бэрхшээл гээд дурдвал олон зүйл бий. Гэхдээ “Халхын буян дуусдаггүй” гэдэг. Малчид маань цагийн хатууг туулж гарлаа, “Бид одоо алзахгүй” хэмээн ам дүүрэн хэлж байна. Монгол хүн амныхаа билгээр гэдэг дээ.

Гэхдээ биднийг одоо хүндхэн сорилт болох УИХ-ын ээлжит сонгууль тосон уулзана. Иргэд бид энэхүү сонгуулиар өөрсдийнхөө маргаашийн амьдралыг сонгох учраас “хүндхэн сорилт” гэж тодорхойлсон хэрэг.

Чингэхийн шалтгаан ч бий. Сонгууль бүрээр эрх мэдэлдээ дулдуйдах, санал худалдан авах, худал хуурмаг үзэл суртал явуулж, иргэдийг төөрөгдүүлэхээс эхлээд олон сөрөг зүйл болж, иргэд олон нийтийн сонголтод шууд болон шууд бус утгаар халддаг байдал давтагдах нь ойлгомжтой болж, эхнээсээ ч халдаад эхэлсэн.

Тиймээс болгоомжтой байж өөрсдийнхөө итгэл үнэмшилд бат зогсох хариуцлагатай цаг иржээ гэдгийг дуулгах хэрэгтэй. Бидний амьдрал бидний гарт л байгаа, өөр хэн нэгэн УИХ-ын гишүүн, сайд, дарга нарын гарт байхгүй гэдгийг дурдах нь илүүц хэрэг байж болох ч дурдахаас өөр арга байсангүй.

Улс төрийн гуравдагчдын орон зайд өөрийн бодлого, өнгө төрхөөр ялгарч буй ШИНЭ нам нь өнгөрөгч жилүүдийн турш эрдэмтдийн баг бүрдүүлэн ажиллаж, нийгэм, улс төр, эдийн засгийн чиглэлд 18 хувьсгал санал болгосон. Үүнийхээ дагуу бодлого хөтөлбөрөө боловсруулж, энэ удаагийн сонгуульд үзэл баримтлалаа даган, МУНН-тай нэгдэн “Шинэ үндэсний эвсэл” байгуулан оролцохоор зэхэж байгаа билээ.

Манай намын язгуурын үзэл санаа, шинээр дэвшүүлсэн бодлого, баримт бичгийг дагаж, залуусаас эхлээд ахмад настнууд хүртэл зорин ирж байгаа нь талархууштай. Бид бултаараа зөв сонголт хийж, авлигад идэгдсэн төрөө цэвэрлэх, ядуурч туйлдсан иргэдийнхээ ахуй амьжиргааг өөд нь татах, ажлын байр бий болгосон үйлдвэржилтийн хувьсгал өрнүүлэх, зээлийн өндөр хүү, татварын дарамтгүй орчинг бүрдүүлэхээс эхлээд олон зүйлд хувьсгал өрнүүлэхээ “Нийгмийн захиалга” хэмээн ухамсарлаж байна.

Төрийн эрхийг ээлжлэхдээ ээлжилж, хамтрахдаа хамтарч барьж ирсэн МАН, АН-ын “колончилол”-оос юу үлдэж вэ гэхээр авлига, хээл хахууль, хулгай дээрэм, нийгмийн ядуурал, уул уурхайн хөлд талхиулсан байгаль, өртэй иргэд гэх мэт зүйлс л дурдагдаж таарна. Өөр дурдах зүйл тун ховор. Энэ бүгдээс салах арга зам нь ерөөсөө ээлжит сонгууль.

Бид өөрсдөө л зөв сонголт хийж, өөрсдийгөө аврахгүй бол өөр хэн ч аврахгүй. Ийм л хариуцлагатай цаг үед ШИНЭ нам өөрийн цахим хуудсаа шинээр нээж, энэхүү мэндчилгээг түмэн олондоо хүргэж байгаагаа асар том хариуцлага хэмээн ухамсарлаж байна.

Зөв бодолтой, зөв заяатай монгол хүний бие эрүүл, ухаан саруул байж ирээдүйгээ өөрсдөө цогцлоон босгох ерөөл өргөн дэвшүүлье.